Monday, August 28, 2017

Крипто койны олборлолтын тухай (Cryptocoin mining)

Крипто койны олборлолтын тухай (Cryptocoin mining)

Миний хувьд эдгээр оруулж байгаа постуудыг маш богино хугацаанд (ихэвчлэн хоёр ажлын хоорондох чөлөөт цагаараа, хүн хүлээх зуураа, ...) бичиж оруулдаг бөгөөд технологийн бага мэдлэгтэй хүмүүст зориулж аль болох энгийн үгээр, жишээгээр тайлбарлахыг оролддог. Богино хугацаанд бичдэг, дахин шалгаж уншдаггүй учраас үг, үсгийн алдаатай, эмх цэгцгүй бичсэн байж магадгүй. Та бүхэн зөвөөр ойлгоорой :)

Крипто койн олборлох үйл ажиллагааг энгийн үгээр хэлбэл тоо/бодлого бодох гэж хэлж болох юм. Бодлого нь математикийн, тооцоолоход нэлээн хугацаа шаардагдах бодлого байдаг бөгөөд гараар эсвэл энгийн компьютер, төхөөрөмжөөр тооцоолоход хэдэн арван хугацаа орно. Тооцоолол болон олборлолт гэдгийг энгийн үгээр илүү дэлгэрүүлж хэлбэл: Крипто койн бүр өөрийн гэсэн алгоритм (алгоритм гэдгийг томъёо гэж ойлговол илүү амар)-тай байдаг ба тухайн томьёонд тохирох утгуудыг хайж олоод олсон гэдгээ бусдадаа буюу тухайн койныхоо сүлжээнд, бусад олборлогчиддоо тараахыг койн олборлох гэдэг.



Ямар ч төхөөрөмж (энгийн компьютер, гарт утас, ...)-өөр олборлолт хийж болох бөгөөд 10 хүрэхгүй минутын дотор үр дүн нь гараад та койн-той болно. Гэхдээ олборлосон койн, тухайн койныг олборлоход зарцуулсан зардлаас хамаараад эдийн засгийн хувьд ашигтай үйл ажиллагаа юу, ашиггүй үйл ажиллагаа юу гэдэг асуулт гарч ирнэ. Жишээ нь: Одоогийн нөхцөл байдлаар биткойнийг энгийн компьютерээр олборловол олборлоход зарцуулсан цахилгааны зардал, интернетийн зардал, компьютерийн элэгдэл, хорогдол болон бусад зарцуулсан зардлаа нөхөж чадахгүй. Олборлох үйл ажиллагаа хэцүү болохоос өмнө энгийн төхөөрөмжөөр олборлож болдог байсан.

Олборлолт хэцүү болно гэдгийг алтны уурхайн жишээгээр тайлбарлавал илүү амар. Алтны уурхайгаас алт олборлох (уурхайн төв хэсгээс холдох) тусам алтны гарц багасдаг. Үүнтэй адилхнаар ихэнх крипто койныг хүмүүс олборлох тусам койны гарц нь багасаж байгаа.

 Hardware mining төрөл:
- ASIC Mining
- GPU Mining
- Mining services (Cloud mining)
- HDD Mining
- CPU Mining
- FPGA Mining

Дээрх жагсаалтыг хамгийн өргөн ашиглагддагаар нь жагсааж бичсэн болно.

Дээрх mining төрлүүдийг товчхон тайлбарлая:

- ASIC mining: Application-Specific Integrated Circuit (ASIC) нь  маш тусгай зориулалтын буюу зөвхөн тухайн алгоритмтай койнд зориулж чип (miner) үйлдвэрлээд, тэр чипээрээ олборлолт хийх. Жишээ нь: Bitcoin (sha256), Litecoin (scrypt), Dash coin (x11), Siacoin (Blake (2b)), ...

Энэ төрлийн олборлолт хийхэд ASIC miner худалдаж аваад тогонд залгаад, интернетэд холбоод, тохиргоог нь хийгээд л болно. Гэхдээ ихэнх ASIC miner маш их цахилгаан зарцуулдаг, дулаан ялгаруулдаг, маш их дуутай байдаг. Тиймээс тусгай газар байршуулах шаардлагатай болдог.

- GPU mining: Graphics Processing Unit (GPU)-ийг нэг процессор дээр олныг суурилуулаад олборлолт хийх. Олон GPU-тэй процессор угсрахыг Rig (газрын тосны өрөм) угсрах гэдэг. Жишээ нь: Ethereum (Ethash), Zcash (Equihash), Siacoin (Blake (2b)), ...

Энэ төрлийн олборлолт хийхэд тоног төхөөрөмжөө худалдаж аваад, угсраад, тогонд залгаад, интернетэд холбоод, тохиргоог нь хийгээд, олборлогч програмыг суулгаад л болно. Олон GPU хэрэг болно. Жаахан механик ажиллагаа ихтэй. Эсвэл өөрийн ашиглаж байгаа компьютер дээрээ олборлогч програм хангамжийг суулгаад бага хэмжээний олборлолт хийж болно.

- Mining services (Cloud mining): Хүмүүс эсвэл байгууллагууд крипто койн олборлох дэд бүтэц (farm/infrastructure) байгуулаад, түүнийгээ интернетээр дамжуулан түрээслэх үйл ажиллагааг cloud mining гэдэг. Хэрэглэгчийн хувьд miner эсвэл тоног төхөөрөмж захиалах, угсрах, тохируулах, байршуулах газар хайх, цахилгааны төлбөр, интернетийн төлбөр, арчилгаа хийх гэх мэт асуудлуудыг хөнгөвчилж өгдөг. Үйлчилгээ үзүүлэгчийг эдийн засаг, бизнесийн үүднээс харвал койны ханшийн өөрчлөлтөөс бизнесээ хамгаалсан, хөрөнгө оруулалтын зардлаа хурдан нөхөх үйл ажиллагаа юм. Жишээ нь: Genesis-mining https://goo.gl/EyWory, Hashflare https://goo.gl/pwY5N8

Энэ төрлийн олборлолт хийхэд интернетээр дамжуулан үйлчилгээг нь худалдаж аваад л болно. Төлбөрөө крипто койн эсвэл кредит картаар төлнө.

- HDD mining: Hard Disk Drive (HDD) нь хард диксний сул зайн дээр том хэмжээтэй файл үүсгэх замаар олборлолтыг гүйцэтгэдэг. Хатуу дискний хэмжээ том байх тусам олборлох койны хэмжээ, олох ашиг ихэснэ. ASIC болон GPU mining-тай харьцуулахад цахилгааны төлбөр маш бага гардаг. Одоогийн байдлаар ROI (Return of Investment) нь ASIC болон GPU mining-аас арай удаан байгаа. Магадгүй ASIC, GPU олборлолт хэт удааширч, эдийн засгийн үр ашиггүй болж эхлэх үед HDD mining руу хүмүүс шуурч эхэлж магадгүй (үгүй ч байж магадгүй :) ). Тиймээс энэ төрлийн ганц хоёр rig угсрах эсвэл энэ төрлийн койноос ганц хоёрыг авчхад буруудахгүй байж магадгүй. Жишээ нь: Burst coin, ...

Энэ төрлийн олборлолт хийхэд тоног төхөөрөмжөө худалдаж аваад, угсраад, тогонд залгаад, интернетэд холбоод, тохиргоог нь хийгээд, олборлогч програмыг суулгаад л болно. Олон, том хэмжээтэй HDD хэрэг болно. Жаахан механик ажиллагаа ихтэй. Эсвэл өөрийн ашиглаж байгаа компьютер дээрээ олборлогч програм хангамжийг суулгаад бага хэмжээний олборлолт хийж болно.

- CPU and FPGA mining: Энэ хоёрыг тайлбарлах нь бараг илүү зүйл. Гэсэн ч нэг нэг өгүүлбэр бичье. ASIC олон GPU miner гарахаас өмнө CPU-гээр олборлолт хийхэд ашигтай байсан. Одоо бол эдийн засгийн хувьд ашиггүй үйл ажиллагаа. FPGA нь GPU-тэй төстэй. Түүний өмнөх үеийн олборлолтын төрөл гэж ойлгож болно.

1 comment:

  1. kok coin n cloud mining gsen uguu tuhain coiniig hudaldaj awad mining hiij bga process blhr

    ReplyDelete